ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ Тавтай морил
Webfetti.com
Эрх мэдлийн гурвалжин: Хүч чадал, Эд баялаг, Мэдлэг :|: Эзэн хичээвэл Заяа хичээнэ
Форум | Холбоо барих
Блог хайлт:

Эзэн хичээвэл Заяа хичээнэ

Эрх мэдлийн гурвалжин: Хүч чадал, Эд баялаг, Мэдлэг

                 А.Тоффлерын “Эрх мэдлийн шилжилт” (Power Shift) номонд бичсэнээр гүн гүнзгий бөгөөд олон талын мэдлэгийн тусламжтайгаар л хүн аливаа асуудлуудыг шийдэж чадах бөгөөд ийм хэлбэрээр эрх мэдэлд хүрэх боломжтой гэнэ. Мэдлэг бол эрх мэдлийг жинхэнэ утгаар нь авчирдаг.
             Эрх мэдэлд хүрэх 3 арга замаас /хүч чадал, эд баялаг, мэдлэг/ зөвхөн мэдлэг нь хуваарилагдахдаа харьцангуй ярвигтай. Гэтэл мэдлэгийн дахин хуваарилалт нь /ялангуяа мэдлэгийн талаарх мэдлэг/ нөгөө хоёроосоо хамаагүй илүү чухал. Мэдлэгийн хуваарилалтын тусламжтайгаар хүч чадал, баялаг хуваарилагддаг. Огт хуваарилагдаагүй буюу хэт их төвлөрсөн эрх мэдэл ямагт аюул дагуулж байдаг. Өнгөрсөн зуунд материаллаг баялагийн талаарх үнэлэмж өөрчлөгдсөнөөс шалтгаалаад мэдлэгийн үүрэг нэлээд өөрчлөгдсөн билээ. Мэдлэгийн ачаар эрх мэдлийн бүхий л түвшний өөрчлөлт бий болдог. Энэ нь улс орнуудын гадаад харилцаа, улс төр, бизнесийн харилцаанд бүр илүү тод томруун илэрч, ер нь тэр чигтээ дэлхий дахины эрх мэдлийн системийг нь өөрчилсөн юм.
Мэдлэг, эд баялаг болон хүч чадал бол эрх мэдэлд хүрэх үндсэн 3 хүчин зүйл хэвээр байх нь тодорхой. Гэхдээ одоо орчин үед эдгээрийн чанарын тухай асуудал яригдах болсон.

Хүч чадал
Бүдүүлэг, муйхар хар хүчийн илрэл нь түүний ямар ч уян хатан бус байдлаар илэрдэг. Хүчирхийлэл нь үргэлж эсэргүүцлийг дагуулж байдаг бөгөөд эрх мэдлийг эзэмшиж буй хүмүүс үүний эсрэг  үргэлж хариу цохилт өгөх тохиромжтой мөчийг хүлээж байдаг. Тиймээс хүч чадлыг “чанаргүй” эрх мэдэл гэж ойлгож болно.
Эд баялаг
Баялаг бол эрх мэдлийг бий болгох харьцангуй хялбар бөгөөд тохиромжтой хүчин зүйлийн нэг. Ямар нэгэн хүчирхийлэл, хүч хэрэглэх аргын оронд эд баялагийг шагнал, урамшуулал гэх зэрэг эерэг хэлбэрээр ашиглаж болно. Тиймээс эд баялагийг “дунд зэргийн”  чанартай эрх мэдлийн эх үүсвэр гэж ойлгож болох нь.
Мэдлэг
Харин хамгийн чанартай бөгөөд найдвартай эрх мэдлийн эх үүсвэр бол мэдлэг. Нэгэнт мэдлэг, мэдээллийг эзэмшиж буй хүн зорилгодоо хамгийн бага зардлаар хүрч болдог, хамгийн үр ашигтай зүйл. Мэдлэгтэй учраас эрх мэдлийг эзэмшиж буй хүнээр дахин шинэ шинэ боломжуудыг бий болгож болно. Өөрөөр хэлбэл мэдлэг нь баялаг, хүч чадал гэсэн бусад хоёр эх үүсвэрээ дахин  баяжуулах, олшруулах зүйл нь ч болж чадна. Баялаг ч бай, хүч чадал ч бай мэдлэгээс л хамаардаг.
Хүч чадлыг ашиглах нь маш хязгаарлагдмал гэдгийг та бид мэднэ.  Эсвэл ямар нэгэн зүйлд хүч хэрэглэнэ, эсвэл ямар нэгэн хүчирхийллээс хамгаалахад л хүч чадлыг ашигладаг. Эд баялаг ч мөн адил. Бүх зүйлийг мөнгөөр худалдаж авч болдоггүй шүү дээ. Харин мэдлэг бол огт өөр. Хэзээ ч дуусдаггүй, хэрэглэх тусам багасдаггүй, харин нэмэгддэг, мөн хэдий чинээ бусдад өгнө, төдий чинээ нийт эзлэх хэмжээ нь нэмэгдээд л байдаг.
Хүч чадал болон баялаг нь зөвхөн хүчтэй хүмүүст олддог. Харин мэдлэгийг ядуу, хүч чадалгүй хүмүүс ч эзэмшиж, олж авч болно. Энэ бол “мэдээллийн” хэмээн тодотгож буй энэ эрин үеийн  хамгийн чухал зүйлсийн нэг. Дээр өгүүлснээр мэдлэг бол эрх мэдлийг олж авах хамгийн ардчилсан арга.
А.Тоффлер СССР болон Зүүн Европын орнуудын задрал, мөхлийг энэхүү эрх мэдлийн гурвал талаас нь харж тайлбарлажээ. Түүний өгүүлснээр эдгээр орнуудын задрал, мөхөл, системийн хямрал нь ямар нэгэн тохиолдлын зүйл биш. Социализм хөгжлийнхөө явцад дүрэм журам, хуулийг нь огт мэдэхгүй тийм ирээдүйтэй тулгарсан. Яагаад гэвэл социализм нь мэдлэгийн талаар маш буруу ойлголт, хуучирсан үзэлтэй байсан. Социализм хувь хүний оюуны эрх чөлөөг боогдуулж, нэг ижил хайрцагнуудад хүчээр хайр­цаг­лаж байсан учраас эцсийн дүндээ улс ор­ныг эрх чөлөөт, чинээлэг нийгэмд хүр­гэж чадалгүй харин аварга том нэг Нам-Улсын тогтолцоонд авчирсан. Бусад бүх хүмүүс удирдагчийн сэтгэж байгаа шиг сэтгэж, түүний мэддэгээс өөрийг мэ­дэж болохгүй гэж үзсэнээс мэдлэгийг ерөөс үнэлээгүй. Гэтэл энэхүү хаалт түг­жээ нь эдийн засгийн хөгжлийг удааш­руулж, бүр үйлдвэрийн турба хийхэд хүр­тэл нө­лөөл­сөн гэдгийг бид мэднэ. Социалист орнууд яг нэгэн хэвийн турба үйлдвэрлэж байх хоо­ронд бусад орны инженерүүд ком­пьютер, мэдээллийн технологи, шинэ сис­темд хэрэгтэй зүйлсийг үйлдвэрлэж байсан.
Эрх мэдлийн шилжилтийн гол зар­чим бол зөвхөн “эрх мэдлийн тэнцвэр”-ийн тухай хөндөөд зогсохгүй “тэнц­вэрийн эрх мэдэл”-ийн тухай хөндсөн буюу Тоффлер дараах дүгнэлт хийсэн:
Эрх мэдэл бол Хүч чадал-Эд баялаг-Мэдлэг гэсэн 3 хүчин зүйл дээр төвлөрч оршин тогтнох учир эдгээрийн балансыг хангах ёстой. Тухайлбал, хүйтэн дайны үед АНУ-ын эрх мэдэл эдгээр 3-таа ху­ваарилагдаж чадсан. Хамгийн хүчтэй цэ­рэг зэвсэгтэй, нөгөө талаас эдийн засаг нь дэлхийд маш нөлөөтэй, хүчирхэг бай­сан. Мөн хамгийн сайн мэдлэгтэй буюу шинжлэх ухааны томоохон нээлт, олол­туудыг АНУ л хийж байсан. Харин СССР бол эрх мэдэл нь төвлөрчихсөн, ямар ч балансгүй. Эдийн засаг нь дэл­хийн эдийн засагтай ямар ч холбоогүй, ямар ч нөлөөгүй, хэдийгээр шинжлэх ухаа­ны тодорхой салбаруудад, ялангуяа цэр­­гийн салбарт маш амжилттай ажил­лаж, ололт олж байсан ч шинжлэх ухааны бу­сад салбартаа шинэч­лэл, хөрөнгө оруу­­лалт хийгээгүй. Зөвхөн цэрэг, зэвсэг­лэл­­дээ анхаарч, харилцаа, холбоо, мэ­дээл­­лийн салбараа хатуу гараар хянаж байсан.
Тоффлерын энэхүү макро дүгнэлтүүд нь юуг өгүүлнэ вэ?
Үүнийг хувь хүн дээр буулгахад ч гэсэн болж байна. Мэдлэг бол эрх мэдэлтэй, хүчтэй, нөлөөтэй байхын хамгийн чухал эх үүсвэр, арга зам. Ялангуяа мэдээллийн, мэдлэгийн энэ эрин зуунд хүчтэй, мөнгөтэй нь биш, харин мэдлэгтэй, мэдээлэлтэй нь хөгжих боломж хэдийнэ нээгджээ.


бичсэн: batmunkh | төрөл: Улс төр 2009-02-21 өдөр 17:55
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax

MyHotComments.com
Дахин зочилоорой
guys layout powered by HOTFreeLayouts.com / MyHotComments